Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 9 дүгээр сарын 1, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.  Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын 13 дугаар гудамжинд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:23 цагт очиж, 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн иргэн С-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:20 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.2 км замыг туулан 02:59 цагт очиж иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 18:45 цагт очиж, иргэн Э-ийн 5 ханатай гэрт эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top