Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг Дархан сумын “Түшиг-Уул” ХХК-ийн тогтмол усанд зохион байгуулж байна.
Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн 45 алба хаагч хамрагдаж байгаа юм.
Анх удаа эрэлч нохойг ашиглан зохион байгуулж байгаагаараа онцлог тус сургууль энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Дадлага сургуулиар 5-15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, живсэн усан онгоцыг эрэг рүү татан гаргах, усанд осолдсон иргэнийг аврагч нохойны тусламжтайгаар авран эрэг рүү гаргах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлагыг хийж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.