Сургууль, цэцэрлэгүүд баллонтай газ ашигласаар байна

69761289_527909577749885_5650386690318008320_n-6rlni1w8llfspkqkeksujqbs05imk9lir1g5odh3eww.jpg

Б.Оюунжаргал

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг  нийслэлийн хэмжээнд эрчимжүүлээд байна. Онцгой байдлын албатай хамтарч Чингэлтэй дүүргийн хэмжээнд хяналт, шалгалтын ажил хэдэн хувьтай хэрхэн үргэлжилж буй талаар сурвалжиллаа.

Улсын сургууль цэцэрлэгт галын аюулгүй байдлын зөрчил их байдаг гэв

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин болон бусад албан хаагчдын хамт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хувийн болон төрийн өмчийн их, дээд сургуулиудаар орсон юм.

Бид “Тэнгис” кино театрын хойно байрлах МҮЭХ-ны “Хөдөлмөр нийгмийн харилцаа”-ны дээд сургуулиар орлоо. Тус сургуулийн захиралтай уулзаж “Галын аюулгүй байдлын заавар зөвлөмж бүхий холбогдох бичиг баримтыг шаардахад мэргэжилтэнд байгаа одоогоор ирээгүй. Ирмэгц баримтыг ажлын өдрүүдэд багтаан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст очиж шалгуулъя” хэмээв. Ийн галын хяналтын байцаагч А.Амартүвшин шалгалтын удирдамжийг танилцуулж, бүртгэл явуулж шалгалтыг эхлүүллээ. Нэн түрүүнд 1-3 давхар хүртэлх цахилгааны болон галын аюулгүй байдлыг шалгасан юм. Энэ үеэр тус сургуулийн хоёр давхрын галын крантыг нээн үзвэл эвдэрсэн хошуу байх бөгөөд шланкыг хумхин хийжээ. Ямартай ч сургуулийн удирдлагад “Галын крантны хоолойг засварлах ёстой” гэдгийг сануулсан юм. Сургуулийн коридор нь бөгс эргэх зайгүй нарийнхан байх аж. Галын хор, шугам байрлах хэсэгт “ГК” тэмдэглэгээг улаан будгаар хийх ёстой байдаг. Гэтэл тэмдэглэгээ нүдэнд харагдахгүй байв. Яг энэ үед тус сургуульд “Галын аюулаас хамгаалах багаж хэрэгсэл хомс” байгааг байцаагч А.Амартүвшин хэлсэн юм. Би коридороор явсаар нэг давхарт байрлах цайны газраар ороход хананд том кабелийн утас ёрдойж харагдав. Үүнийг сургуулийн захирал “Цахилгааны шийд суулгах юм” хэмээн тайлбарлалаа. Түүнчлэн 2-3 газан баллон эгнүүлэн тавьсан байв. Сургуулийн орчинд газ ашиглахыг хориглоод удаж байгаа ч зарим сургууль, цэцэрлэгүүд ашигласаар байгаа аж. Тэдний нэг удаагийн хариуцлагагүй үйлдэл өчнөөн эд хөрөнгөөсөө салгахад хүргэх вий гэх айдас төрсөн юм. Учир нь баллонтай газны аюулгүй байдлыг хангаагүй ойр хавьд нь шатамхай материалаар хашлага хийжээ. Цайны газрын тогооч “Бид энэ газрыг ашигладаггүй юм” гээд хэнэггүй хэлнэ. Ямартай ч газрыг ашиглахгүй байхыг зөвлөсөн юм. Энэ мэтчилэн тус сургуульд нийтлэг зөрчил их илэрч байв. Тус сургууль нь нэг давхрын мухрын жижиг агуулахад галын хорыг ихээ хадгалсан байх аж. Үнэн хэрэгтээ галын хорыг зориулалтын бус стандарт, норм зөрчиж хадгалсан нь хүрээлэн буй орчинд эрсдэл нүүрлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж хатуухан сануулга өгч орхилоо. Мөн галын хорууд дунд ашиглалтын хугацаа нь дууссан хор байх бөгөөд түүнийг устгалд оруулах шаардлагатай байгааг А.Амартүвшин сануулсан юм. “Хөдөлмөр нийгмийн харилцаа”-ны сургуулийн байр нь оюутны байртайгаа залгаа орших бөгөөд оюутны байр нь мөн адил галын аюулгүй байдал, стандарт, нормыг зөрчин баригджээ. Тухайлбал, галд идэвхтэй лампиран таазтай байхын зэрэгцээ аваарын гарцнаас хол, утаа мэдрэгчгүй аж.

Лампиран тааз нь шатамхай материалын тоонд ордог тул гэрлийн чийдэн халсны улмаас хайлж гал түймэр гарах эрсдэлийг дагуулж байдаг байна. Дараагийн илэрсэн зөрчил В1 буюу зоорийн давхарт их хэмжээний лампир болон мод шатамхай материал хураасан байв. Тус зоорийг чөлөөлж, галын аюулгүй байдлыг ханган ажиллахыг тус сургуулийн захиралд даалгалаа. Иймд зөрчлийг нэг сарын дотор арилгаж, галын аюулгүй байдлыг ханган ажиллахыг даалгасан юм. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 5-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ. Үүний дараа олны хэлж заншснаар “Гэсэр” сүмийн ойролцоох ерөнхий боловсролын 112 дугаар сургуулиар оров. Тус сургууль нь лам нарыг бэлтгэдэг аж. Сургуулийн захиралтай уулзаж галын аюулгүй байдлыг шалгах гэтэл “ Анги тэнхимууд цоожтой. Түлхүүр байхгүй” гэв. Ийн Чингэлтэй дүүргийн IV хороо “Улаанбаатар Эрдэм” дээд сургуулиар орж, нөхцөл байдалтай танилцахад галын крантны тэмдэглэгээ хийгдээгүй, галын дохиолол, утаа мэдрэгч зэрэг төхөөрөмж суулгаагүй байсан юм. Түүнчлэн цахилгааны эх үүсвэр бүхий шийдний өрөө байх аж.

Иймд галын байцаагч модон хаалгыг төмөр хаалгаар яаралтай солихыг даалгав. Нэг давхарт байсан шатыг нурааж коридорыг өргөсгөхөөр төлөвлөжээ. Имйд тус байгууламжийг хийж дуусмагц галын төлөвлөгөөг нарийвчлан батлуулах, мөн аюулгүй байдлыг ханган ажиллахыг тус сургуулийн захиралд даалгав. Энэ мэтчилэн “Улаанбаатар Эрдэм” дээд сургуулийн хувьд зөрчил дутагдал багатай байсан юм. Бид хэд, хэдэн улсын сургуулиар орж, шалгалт хийхэд галын аюулгүй байдлыг зөрчдөг шалтгаан нөхцлийг улсын төсөвтэй холбон тайлбарлав. Улсаас хангамж муу учир сургууль, цэцэрлэгүүд галаас урьдчилан сэргийлэх дохиолол, мэдрэгч зэргийг хангалттай суурилуулж чаддаггүй байна. Дээрх сургуулиудын тухайд гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэх гэрэлтэгч тэмдэг, тэмдэглэгээ,  гамшиг, гал түймэр гарсан тохиолдолд хүний амь бие, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарц, чиглэл зэргийг заасан тэмдэглэгээ ховор байсныг дурдъя. Түүнчлэн Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.5-д “Барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах гарц, замыг чөлөөтэй байлгаж, төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулах гэж заасан байдаг”. Гэтэл сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудад аврах гарцны схем зураг хаана ч байршуулаагүй байлаа.

56 байгууллагад хяналт, шалгалт хийж 252 зөрчил дутагдал илрүүлжээ

Гал түймрийн улсын хяналтын дүрэм, стандарт, норм дүрмийг мөрдүүлэх шалгалтыг энэ сарын 19-нөөс эхлэн зохион байгуулсан аж. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагчид ерөнхий боловсролын сургууль 19, цэцэрлэг 32, их, дээд сургууль 5, нийтдээ 56 байгууллагад хяналт, шалгалт хийж, 252 зөрчил, дутагдал илрүүлжээ. Үүнээс 49 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавар зөвлөмж өгч ажилласан байна. Түүнчлэн 35 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Шалгалтаар Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.10 дахь заалт “Галын аюулгүй байдлын дүрэм гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах” гэсэн заалт хэд, хэдэн сургууль, цэцэрлэгт зөрчигдсөн байжээ. Мөн тус хуулийн 17.3 дахь заалт “Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж обьект бүр нь галын аюулгүй байдал гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна” гэсэн заалт зөрчигдсөн аж. Гарц тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийгдээгүй. Цахилгаан байгууламжийн дүрэм зөрчигдсөн. Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу шалнаас 1.5 метр өндөрт хүн авахад хялбараар байрлуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлд нэг бүрийн хяналтын карт хөтлөөгүй гэх нарийн зөрчлүүд бүртгэгджээ. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль норм, дүрэм зөрчиж аврах гарц хааж эд зүйл байрлуулсан зэрэг зөрчил илэрчээ. Хяналт, шалгалтын ажил 08 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Чингэлтэй дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн галын аюулгүй байдлын шалгалтын ажил 90 орчим хувьтай байгаа аж.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин 2019.08.28

scroll to top