Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 18 км-т/ “Жамин файтинг” ХХК-ийн оффисын байр шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 12:12 цагт очиж, 10х12 хэмжээтэй байшин шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийндалай багийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 0.3 км замыг туулан 17:41 цагт очиж, иргэн Д-ын эзэмшлийн 87-42 ДУА улсын дугаартай “Гай” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багийн задгай /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ иргэн Ч-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 15:48 цагт /15:53 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 15:56 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 23:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 23:40 цагт очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй түлээний 3 амбаар, 20 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд 30 орчим усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс 08.31-ний өдрийн 08:00 цагт хуралдаж, ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 алба хаагч, 2 автомашин)-ийг ажлуулахаар томилсон. Ажлын хэсэг 08.31-ний өдөр тухайн газар руу (замдаа явж байна) явсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top