Хяналт, шалгалтад 1145 боловсролын байгууллагыг хамруулж, 6548 зөрчлийг илрүүлэв

69350348_160644971788169_5598677753680363520_n.jpg

 Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт, шалгалтад их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 1145 барилга байгууламжийг хамруулж, 6548 зөрчлийг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад газар дээр нь 1557 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

 Хяналт, шалгалтын явцад гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийг удирдах систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй байна.

  Мөн гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, түүний төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийж ажиллаагүй, барилгын авралтын гарц болон нөөц гарцуудыг ослын гэрлээр тоноглоогүй, аврах гарцыг хааж битүүлсэн, эд бараа материал хураасан, цахилгааны гэрэлтүүлэг, олон нийтийн барилгын цахилгаан тоноглол, барилга байгууламжийн цахилгааны гэрэлтүүлэг хамгаалалтын бүрхүүлгүй, цахилгааны монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийж аюулгүй байдлыг хангаагүй, сургууль, цэцэрлэгийн цайны газарт хийн баллон ажиллуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top