Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулах гэж байна.
Тус сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, дадлага сургуулийг зохион байгуулахаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрөөс тус аймагт ажиллаж байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/09/J1A1081-1-1024x683.jpg)
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, сургалт, дадлага сургуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Энэ удаагийн “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулагдах юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/09/J1A1109-1024x576.jpg)
Дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Бангладеш, Индонези, Казахстан, Киргистан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын 300 гаруй төлөөлөгч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/09/J1A1097-1024x683.jpg)