Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг.  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж,  бусад нутгаар өмнөөс 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн аймгуудын нутгаар, 9,10-нд Алтайн салбар уулсаар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсанГовь-Алтай аймгийн Халиун сумын 1 дүгээр багт ерөнхий боловсролын сургуулийн хуучин 11х5 метрийн хэмжээтэй 2 давхар барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 05:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 100 км замыг туулан 09:00 цагт очиж, 14 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 12:40 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  4 км замыг туулан 17:27 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зүүн талд иргэн Б-гийн “Тоёота Саи” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 21:31 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

 БусадТөв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “4 дүгээр зөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ Төв аймгаас Налайх дүүргийн чиглэлд эзэмшлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Х /43 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Ниссан Атлас” загварын ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас блокон хашаа мөргөж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 00:20 цагт очиж, 3 минут ажиллаж, иргэн Х-г гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт тус сумын харьяат иргэн Д /39 настай, эрэгтэй/ 09.04-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 12 хүн, 3 автомашин, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: Товцог багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газраас Алдархаан сумын Богдын гол багийн “Хэрэмтийн-Ам” гэдэг газар хүртэл /“Богдын гол”-ын хойд хэсгээр/ 15 км-т явганаар, 2 дугаар бүлэг: Товцог багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газраас Алдархаан сумын Богдын гол багийн “Хэрэмтийн-Ам” гэдэг газар хүртэл /”Богдын гол”-ын урд хэсгээр/ 20 км-т явганаар, 3 дугаар бүлэг: “Богдын гол” дээгүүр 13 км-т нисгэгчгүй төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Д-г гэрээс нь 6 км-т Алдархаан сумын Богдын гол багийн “Хар үзүүр” гэдэг газар модон дотроос мөн өдрийн 12:55 цагт эсэн мэнд олж, төрсөн эгч Н-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top