Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи бүх нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 9, 10-нд Алтайн салбар уулсаар, 11, 12-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 05:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 05:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 18:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 18:04 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт 6х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 22:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Шар тээг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө-гийн эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 21:45 цагт очиход  нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Ө /30 настай, эрэгтэй/, Баянгол дүүгийн 10 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/ нар гэмтсэн тул тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хамрын Энгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүд сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай иргэн Б-гийн эзэмшлийн 2 зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 38 км замыг туулан 23:11 цагт очиход Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Н гэмтсэн байсныг Замын-Үүд сумын эмнэлэгт, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Гүнт”-ийн даваа гэдэг газарт ачааны автомашин айлын байшин мөргөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 27 км зам туулан 19:20 цагт очиход иргэн А-гийн эзэмшлийн “Хово” загварын өөрөө буулгагчийн тормозны систем гэмтэж цоожтой 8х7 метрийн хэмжээтэй байшин мөргөж иргэн А /31 настай, эрэгтэй/, Ц /45 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Гичгэнэ хөх-оруулга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос 4 хүн загасчилахаар 08.22-ны өдөр очсон бөгөөд тухайн өдрийн 19:00 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тул тус сум дахь Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь 09.07-ны өдрийн 09:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 4 хүн, 1 нохой, 1 автомашинтай мөн өдрийн 10:40 цагт Тариат сумын чиглэлд явж 14:40 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:10 цагт “Хөх-Оруулга” гэдэг хадан хавцалаас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны байрны 3 дугаар давхрын цонхоор настай хүн  хөлөө гаргасан сууж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  5.5 км зам туулан 16:03 цагт очиход иргэн Т /85 настай, эмэгтэй/ 3 дугаар давхрын цонхоор хөлөө гаргасан сууж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Аврах ажиллагаа: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 03:08 цагт очиж, 20 минут ажиллаж иргэн Л /75 настай, эрэгтэй/ нүхэнд унаж, гэмтсэн байсныг гарган аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top