Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

69915302_119977999380402_8393613827333160960_n.jpg

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 тусгай дугаарын утсанд ирсэн.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, гурван автомашинтайгаар гарч 2,5 км зам туулан 15:10 цагт очиход барилгын үндсэн байгууламжийн гадна шинээр хүн тээврийн лифтэний угсралтын ажил хийгдэж байсан 13-16 дугаар давхруудын дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг шуурхай унтраах арга хэмжээг авч, ажиллаж эхэлсэн.

Улмаар нэмэлтээр 15:08 цагт Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай гарч, 6 км замыг туулан 15:24 цагт очсон бол Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 15:13 цагт гарч, 8,1 км замыг туулан 15:31 цагт очиж хамтран ажилласнаар гал түймрийн тархалтыг зогсоож, нэг цаг 20 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр гарсан обьектын 15 дугаар давхараас хоёр, барилгын дээврээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг авран хамгаалав.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top