Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи 18, 19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 17:09 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 5 ханатай гэр, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 17:48 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.2 км зам туулан 18:38 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 19:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 19:51 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 22:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 22:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 17:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 01:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 01:59 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 02:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 02:40 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн “Дам-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т / Ховд аймгийн Дуут сумын төвөөс Жаргалант сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Пикаб” загварын суудлын автомашин автомзамын хажуу руу онхолдсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 06:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 06:43 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж бүсийн Оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус багийн харьяат иргэн С /33 настай, эрэгтэй/ 09.15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, ар гэрийн 9 хүн, 3 автомашинтай 17:55 цагаас эхлэн Ховд голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад мөн өдрийн 10:00 цагт гэрээсээ гарч аргал түүж явсан тус сумын Их булан багийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Бүргэд багийн “Арал” гэдэг газраас Ховд голын уснаас гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн бөгөөд иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:3 цагт түр зогсоосон. 09.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 17:20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Т /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг ярилцлага хийн эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top