Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 25-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт 5 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 11:12 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны 11:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан дуудлагын дагуу 11:14 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Харасай” багт иргэн А-гийн хашаанд 30 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 12:40 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хонд” гэдэг газар / сумын төвөөс баруун зүгт 42 км-т/ иргэн Ж-гийн 8х6, 4х6 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 42 км зам туулан 16:49 цагт очиж 5 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 16:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 17:06 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлан зуслангийн “Задгай”-д 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 04:42 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 04:53 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт /нэр, хаяг тодорхойгүй 30 орчим настай эрэгтэй хүн/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Тухай иргэний нэр, хаягийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.    

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Ямаатын хэц” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 40 иргэн, 6 автомашин, 3 мотоциклтой ажиллаж 09.22-ны өдрийн 12:50 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. 

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн харъяа цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгад шороо зөөж байсан өөрөө буулгагч “Хово” загварын автомашин онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 6 алба хаагч, 1 автомашин, Нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 1 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид дарагдаж нас барсан “Реминкон” ХХК-ийн гэрээт ажилтан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат иргэн А /20 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 11:39 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампд очиж хоносон. 09.23-ны өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ 5 хүн Орхон голд загасчилж байснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин 1 завьтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн 12 удаа гүний шумбалт хийж, усанд завиар 3 км-т  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top