1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-25-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Шинэ хороо багт 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 20:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 20:27 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 20:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 20:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд иргэн Ц-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 20:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Сэлэнгэ аймгаас Ерөө сумын чиглэлийн замын зорчих хэсэгт зогсож байсан /сумын төвөөс хойд зүгт 4 км-т, Сүхбаатар сумын төвөөс зүүн урд зүгт 98 км-т/ “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн ЗИЛ-130 загварын ачааны автомашиныг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Ниссан Кондор” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/ мөргөж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдан нас барсан байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 98 км замыг туулан 23:33 цагт очиж, тус аймгийн Ерөө сумын харьяат иргэн Г /39 настай, эрэгтэй/, Б /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 50 минут ажиллан автомашинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ “Орхон” гол руу Сайхан сумын харьяат иргэн Ц /58 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Грейс” загварын бага оврын автобус жолоодож яваад орсон тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 14:35 цагт очиж, иргэн Ц-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР