Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 25,26,28-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт хүнсний захын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 19:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 19:47 цагт очиж, 20 минут ажиллаж  унтраасан.

Дундговь аймгийн Луус сумын Буянт багийн “Хорин тавын хороо” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ Төв аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “НОРД БЕНЗ” загварын том оврын ачааны автомашины тэвшин дээрх нүүрснээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 08:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 09:01 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Шар хунх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн зүгт 21 км-т/ 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 17 км замыг туулан 20:48 цагт очиж, 9 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, 09.23-ны өдрийн 09:00 цагаас “Хоног толгой” гэдэг газраас “Вест камп” хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 09.24-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Архангай аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Шар хунх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн зүгт 21 км-т/ малчин Ж-гийн 4 ханатай гэр шатах үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат иргэн С /15 настай, эмэгтэй/ 09.23-ны өдрийн 20:09 цагт гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, нийт 16 хүн, 1 нохой, 6 автомашин, 2 мотоциклтой тус сумын “Шар хунх” гэдэг газраас “Богжийн даваа” хүртэл 20 км-т, Татварын гол” гэдэг газраас урд зүгт 3 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ 5 хүн Орхон голд загасчилж байснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай мөн өдрийн 09:25 цагт осолдсон газраас хойд зүгт 200 метрт, 5 метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top