1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатархотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун 5-10 м/с, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 26,28-29-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:48 цагт очиж, иргэн Б-гийн 5х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчин багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:20 цагт очиж, 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан. Тухайн байшин дотор И /6 настай, эрэгтэй, гэрт нь цоожилсон/ байсныг эсэн мэнд гаргаж, гал түймрийн аюулаас аварсан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 20:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.3 км замыг туулан 20:41 цагт очиж, 8х10 метрийн хэмжээтэй, 2 давхар байшингийн дотор хана, эд хогшил шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /29 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Цагдаагийн байгууллагатай хамтарсан үзлэг хийгдэж байна.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Уран мандал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги болон орон нутгийн 52 хүн, нийт 64 хүн, 7 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дундговь аймгийн Өндөршил сумын Талын нар багийн “Улаан-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 15:02 цагт хүлээн авч тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги болон орон нутгийн сайн дурын 89 хүн, Дорноговь аймгийн Сайхан сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 11 албан хаагч, нийт 100 хүн, 21 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 19:41 цагт түймрийг бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 50 га талбай шатсан./
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Туузангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т, Сайхан сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 5 албан хаагч, нийт 17 хүн, 2 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 17:10 цагт цурманд оруулж, 18:17 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 5 га шатсан./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтайгаар 09.24-ний өдрийн 09:00 цагаас “Бест камп” хамгаалалтын цэг гэдэг газраас “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Тус аймгийн Цагдаагийн байгууллагад тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.23-ны өдөр хүргүүлсэн.
Архангай аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Шар хунх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн зүгт 21 км-т/ малчин Ж-гийн 4 ханатай гэр шатах үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат иргэн С /15 настай, эмэгтэй/ 09.23-ны өдрийн 20:09 цагт гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, тус сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 1 эрэлч нохой, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.24-ний өдрийн байдлаар эрэн хайх ажиллагааг 06:00 цагт эхлүүлж Булган сумын төвөөс Тусгал багийн “Тээлийн даваа”, Тамир багийн “Хар чулуут” гэдэг газар хүртэл нийт 50 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:15 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт иргэн С-ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт оршин суудаг эмээ Б-гийнд эсэн мэнд ирсэн байна гэж ээж Б нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР