1. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хараацай” гэдэг газар намарждаг иргэн Б-ийн хотны ойролцоо 2015.09.09-ний өдөр үхсэн үнэгнээс дээж авч устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Аймгийн МЭАЦЛ-ын 2015.09.09-ний өдрийн 530 дугаар шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 223 дугаар цэцэрлэгийн гал тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.23-ны өдрийн 10:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Лүнгийн 22 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.23-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжны 92 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.24-ний өдрийн 00:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Техникийн холбогдолтой ослын талаар
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 9 дүгээр гудамжны 224 тоот хашаа, байшинг автомашин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.23-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн П /31 настай, эрэгтэй/ “Toyota raun” загварын суудлын автомашин-тайгаар иргэн С-ийн хашаа, байшинг мөргөж төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-ийн 103-ын эмчид;
Ахуйн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруугийн гудамж, дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.09.23-ны өдрийн 10:49 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /66 настай, эрэгтэй/ унаж хүнд бэртсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д тус тус хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР