Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2015.09.21-ний өдөр 16:00 цагийн орчим хүүхдийн эцэг эхийн хуралд суухаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 19 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, Сумын төвөөс 5 км-т байдаг хиймэл нууранд самналт хийж, 2014.09.24-ний өдрийн 21:10 цагт ажиллагааг түр зогсоосон.

Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/ 2015.09.24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, Цагдаагийн 28 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 67 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ус, цас, шаварт саатсан: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Хаалгат” гэдэг газар /Сумын төвөөс урд зүгт 15 км-т/ иргэн Б 2015.09.23-ний өдрийн 19:00 цагт “Маяти” загварын автомашинтай явж байгаад цасанд боогдсон дуудлагыг 2015.09.24-ний өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хустай”-н даваанд иргэн К 2015.09.23-ны өдрийн 19:00 цагт “Портер” загварын автомашинтай шаварт суусан дуудлагыг 2015.09.24-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж, мөн замдаа иргэн Ц-н  “Портер” загварын автомашин цас, шаварт суусан байсныг татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Архангай аймгийн Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, У-480 31’ Ө-1010 09’/ 2015.09.24-ний өдрийн 16:02:59 цагт 3,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хараацай” гэдэг газар намарждаг иргэн Б-ийн хотны ойролцоо  2015.09.09-ний өдөр үхсэн үнэгнээс дээж авч устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Аймгийн МЭАЦЛ-ын 2015.09.09-ний өдрийн 530 дугаар шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-н 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжийн 497 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.24-ний өдрийн 21:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top