“Шонхор” бүлгийн сурагчид Хойд бүсийн шилдэг өсвөрийн аврагчдаар тодорлоо

72283777_2499735016777283_6913057605908692992_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу  аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг,  ур чадварыг  дээшлүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тэгвэл Хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын  “Өсвөрийн аврагч-2019” тэмцээн Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд  Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай аймгаас нэгдүгээр шатанд шалгарсан 7 багийн 60 гаруй өсвөрийн аврагч  оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэсэн байна.

Нийлбэр дүнгээр гутгаар байрт Орхон аймгийн “Хурд” бүлэг, дэд байрт Дархан-Уул аймгийн “Жигүүр” бүлэг шалгарсан бол тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн “Шонхор” бүлгийн сурагчид эзэлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top