Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд  зарим газраар, 2-нд говь талын нутгаар 12-14 м/с, 30-н болон 10-р сарын 1-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:00 цагт очиж, иргэн Э, иргэн О нарын 5 ханатай 2 гэр, иргэн М-ийн 4 ханатай гэр, эд хогшил, “Приус 20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн эзэмшлийн “Свит” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.8 км замыг туулан 18:00 цагт очиж, иргэн Ц-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 1.8 тн өвс /100 боодол/ шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 02:41 цагт хүлээн авч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 02:43 цагт очиж, иргэн Л-ийн 5х5 метрийн хэмжээтэй байшин, иргэн Б-гийн 5х5 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Нэмэлтээр мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 02:53 цагт очиж, 50 минут ажилласан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 20 алба хаагч, 3 автомашин, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 1 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, Эмнэлгийн 11 ажилтан, орон нутгийн 150 иргэн, нийт 185 хүн, 28 автомашинтайгаар ажиллаж, 09.25-ны өдрийн 13:45 цагт түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Урьдчилсан байдлаар 80.5 га талбай шатсан./

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны “Богдын давааны-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 20:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 21:10 цагт 0.4 га талбайд ой, мод шатаж байсныг 2 цаг ажиллан бүрэн унтрааж, нийслэлийн Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Хээрийн түймэр: Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багийн “Бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.26-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, Отгон сумын 111 иргэн, Цагаанчулуут сумын 12 иргэн, Шилүүстэй сумын 11 иргэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 18 иргэн, нийт 164 хүн, 20 автомашин, 10 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Бургастайн-Ам”, 2 дугаар бүлэг “Түргэний-Ам”, 3 дугаар бүлэг “Дунд салаа”-ны чиглэлд түймрийг унтраахаар ажиллаж, 09.27-ны өдрийн 10:00 цагт түймрийг цурманд оруулж, 14:26 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг дарга Ж.Амгаланбаяр, Байгаль орчны байцаагч Б.Баясгалан нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 100 га бэлчээрийн талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын байрны 2 дугаар давхрын тагт дээрээс бага насны 2 хүүхэд унах гэж байна /харгалзах хүнгүй гэрт цоожилсон/ гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 03:19 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 03:26 цагт очиж, Б /10 настай, эрэгтэй/, Х /1 ой 5 сартай, эрэгтэй/ нар тагт дээрээ байсныг дээд давхрын айлаас аврах олс ашиглан дамжин орж хаалгыг нь нээн өгч аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top