Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь,Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багт 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 27 км зам туулан 11:10 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 11х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 16:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 16:13 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 19:44 цагт хүлээн авч тус Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 19:58 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрДорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Оцгор-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 130 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 6 алба хаагч, Матад сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, нийт 53 хүн, 5 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 10.02-ны өдрийн 04:35 цагт унтраан тус багийн Засаг дарга Н.Пүрэвсүрэнд хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөс цөмөрч усанд живсэн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км, тосгоны төвөөс хойд зүгт 6 км-т/ 2019.02.06-ны өдөр “Хөвсгөл” нууранд живсэн иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашиныг тухайн үед цаг агаарын байдлаас шалтгаалан гаргах боломжгүй байсан тул 02.07-ны өдөр зогсоосон. Тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг 2019.09.30-ны өдөр иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 2 автомашинтай 09.30-ны өдрийн 16:45 цагт очиж, 30 метрийн гүнд 2 удаагийн шумбалтаар холболтыг хийж, эргээс 200 метрийн зайд (Катер N6071 загварын усан онгоцоор) татан авчирсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:37 цагт түр зогсоосон. 10.01-ний өдрийн 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top