Гал авалцах болон шаталтын зүй тогтлыг Монголын нөхцөлд тодорхойлжээ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Пенополистирол ба пенополиуретаны шатамхай чанарыг үнэлэх судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.

Дэд хурандаа С.Базаррагчаа онцгой байдлын салбарт 16 дахь жилдээ галын шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр судалгааны ажилдаа, барилгын салбарт нэвтэрсэн, хямд төсөр үнэтэй, гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа шатамхай шинж чанартай пенополистирол, пенополиуретаныг сонгон авчээ.

Шатамхай пенополистирол, пенополиуретан нь мод, цаас гэх мэт хялбар шатдаг материалуудаас хүчтэй шатдаг ба шаталтын бүтээгдэхүүн нь хордуулах чанар өндөртэй юм байна.

Түүнийг хэрэглэх, үйлдвэрлэхийг хориглосон ямар нэг стандарт, норм дүрэм байхгүй байгаа тул хэрэглээг хориглох боломжгүй байна. Иймд шатамхай пенополистирол ба пенополиуретаны галын аюулыг үнэлэх, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, зүй тогтлыг тодорхойлох нь нэн чухал байгаа юм.

Доктор С.Базаррагчаа дээрхи судалгааны бүтээлээ, пенополистирол, пенополиуретан зэрэг Монгол улсын барилгын салбарт өргөн хэрэглэгддэг полимер материалын шатамхай шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн  чиг хандлагад нийцүүлэн  тодорхойлж, лабораторийн судалгаагаар хийн фазын гал авалцан шатах зүй тогтолд дүн шинжилгээ хийж, түүний болзошгүй гал түймрийн үед галын тархалтанд нөлөөлөх байдал ба галын аюулыг гал хөгжих үеэр тогтоох шинэ загварын аргачлал боловсруулах зорилготой хийжээ.

Судалгааны ажлын шинэлэг тал нь Пенополистирол, пенополиуретан, пенополистирол дүүргэгчтэй сэндвич хавтангийн галын техникийн үзүүлэлтийг тодорхойлж, хийн фазын гал авалцах болон шаталтын зүй тогтлыг Монголын нөхцөлд тодорхойлжээ.

Мөн дулаан солилцоо, дулааны тооцоо судалгаанд ашиглагддаг үндсэн нэгжгүй хэмжигдэхүүн (Fo, Bi-тусламжтай Ө-г тодорхойлох, Ki)-ийг тодорхойлох номограммыг пенополистирол, пенополиуретаны хувьд  анх удаа хийж, пенополистирол, пенополиуретаныг ашигласан барилга байгууламжийн гал түймрийн аюулыг галын тархалтын стандарт муруйн тусламжтай үнэлэх шинэ аргачлал боловсруулсан байна.

Түүний судалгааны ажлын практик ач холбогдол нь барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээнд шатамхай пенополистирол, пенополиуретаны галын аюулын үнэлгээг ашиглах үнэлгээ бодитой тодорхойлогдож урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнтэй болох, түүнчлэн шинээр баригдах барилга байгууламжийн материалын оновчтой сонголтонд нөлөөлөх практик ач холбогдолтой болсон гэж тэрээр ярьлаа.

Түүний энэхүү бүтээл нь цаашид энэ талаар судалгааны ажил хийх хүмүүст чухал эх сурвалж болох нь дамжиггүй юм.

Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, доктор, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаадаа Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

scroll to top