Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь аймгийн нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн  өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6-8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр багт иргэн Э-гийн 2 давхар “Төгөл худалдааны төв”-ийн /900 м2 хэмжээтэй/ 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2019.10.03-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:44 цагт очиж, 3х4м хэмжээтэй лангуу доторх бараа материал шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 12:49 цагт очиж байшингийн гал тогооны хэсэг шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн задгайд Булгийн Тавьт гэдэг газарт иргэн Б-гийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 15:04 цагт очиж 100 боодол өвс шатаж байсныг 1:23 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр баг /аймгийн төвдөө/ төв зам дагуу Налайхаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн П-гийн “Ниссан Теана” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2019.10.03-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  4 км замыг туулан 16:37 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Мэргэжлийн хяналтын 12 айлын орон сууцанд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 18:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:06 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багт 10×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 20:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 00:22 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:28 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 00:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 00:41 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрБаян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Хулжаа” багийн “Хулжаа” гэдэг газар /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 132 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Монгол Улсын хилийн 40 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-руу хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 2 дугаар заставын 16 алба хаагч Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан түймрийг 10.03-ны өдрийн 16:55 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт 0.3 га талбай талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top