Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

72700551_748381408909361_2782599059267911680_n.jpg

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд  2019 оны 10 дугаар сарын 05-11-ний өдрийн 20:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Говьсүмбэр аймаг нь 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, дөрвөн аймгийн 10 гаруй сумдтай хиллэж авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон, говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Жилд унах хур тунадасны хэмжээ говийн бүсийнхнээс илүү байдаг онцлогтой.

Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж тогтмол нэмэгдэж байна.

Тийм ч учраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил хоорондын түншлэл хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, хээрийн эмнэлэг дэлгэх, аврах ажиллагааны дадлага сургуулиудыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top