Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ . Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 11, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө   11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Сантмаргац сумын Холбоо багийн төвийн задгайд 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 21:58 цагт хүлээн авч тус сумаас 96 хүн, Онцгой байдлын газраас 6 алба хаагч, 5 автомашинтай 1 цаг 55 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Дэнж багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 22:36 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 04:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:00 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн Өртөө өвөлжөөний иргэн Н /79 настай, эрэгтэй/ мориор малдаа яваад сураггүй болсон дуудлагыг 10.09-ний өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 20:35 цагт очиж гэрээсээ баруун хойд зүгт 7 км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байдалтай байсныг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Бусад: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт иргэн Ц-гийн ногооны зооринд иргэн Ц /19 настай, эрэгтэй/, Н /19 настай, эрэгтэй/ нар угаартсан дуудлагыг 10.09-ний өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 22:03 цагт очиж 37 минут ажиллан 22:40 цагт эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top