Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.  

  Улаанбаатар хотод:  Хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө  9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Топ фассад” ХХК-ийн баригдаж байгаа 8 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн цагт 15:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 4 км зам туулан 15:30 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн “Задгай”-д “Дэлгэр түшээт хан” ХХК-ийн 8х5 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 08:45 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 11 дүгээр гудамжинд иргэн М-ийн 5 ханатай гэр, 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 16 алба хаагч, 2 автомашинтай  8 км  зам туулан 11:16 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 2 дугаар  гудамжинд иргэн О-ын 8 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 13:38 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Шугамын хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ачааны автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 19:40 цагт очиход Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Жинчин” ХХК-ийн эзэмшлийн 1 зорчигчтой “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.       

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн “Аргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 48 км, Ө-440 71/00//, У-107083/  00/// 10.11-ний өдрийн 01:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугираас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Хадын булан” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ тус сумын харьяат иргэн Н /24 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 10.08-ны өдрийн 12:00 цагийн орчим явган мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 1 ажилтан, ар гэрийн 6 хүн, 1 автомашин, нийт 13 хүн, 2 автомашинтай 10.10-ны өдрийн 11:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:10 цагт тус багийн “Ханын булан” гэдэг газар гэрээс нь хойд зүгт 2 км-ээс эсэн мэнд олсон.

 Бусад:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хашаанд 2 метр гүнтэй нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 10:47 цагт очиж тус хорооны харьяат иргэн Х /50 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top