1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг сумын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Э /11 настай, эрэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 17:45 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газрын жижүүр цагдаагийн дэслэгч Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 23:50 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн газраас 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, нийт 2 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн /сумаас зүүн хойшоо 70 км/ “Цагаан дэрс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус сумын 16 иргэн, 2 автомашинтай ажиллаж 2015.09.29-ний өдрийн 03:20 цагт цурманд оруулан мөн өдрийн 10:15 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад;
Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Хайчин” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.29-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.29-ний өдрийн 19:50 цагт түймрийг цурманд оруулан 20:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад;
Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан өндөр” гэдэг газар /сумаас баруун тийш 15 орчим км-т/, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.29-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 90 иргэн, 20 автомашин, нийт 102 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.29-ний өдрийн 19:50 цагт түймрийг цурманд оруулан 20:10 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад тус тус хүлээлгэн өгсөн. Тус хээрийн түймэрт Хэрлэн сумын иргэн Э-ийн жийп маркийн автомашин, мөн сумын иргэн Т-ийн аксент маркийн автомашинууд шатсан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.Үүнд:
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 1-17 тоотод иргэн Б-ийн эзэмшлийн 700 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.29-ний өдрийн 17:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 5 дугаар хэсгийн 4-5 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.29-ний өдрийн 23:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Шархоолойн аманд “Гурван булан” амралтын газрын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.29-ний өдрийн 23:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР