Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус,  Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 20:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг худагт иргэн Т /60 настай, эрэгтэй/ угаартаж, 20% түлэгдсэн байсныг түргэн тусламжийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хүнсний дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 09:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 09:14 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд 5х6 метрийн хэмжээтэй дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 10:44 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай, 1 км замыг туулан 15:04 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт баг “Улаан төмөр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Баянтүмэн сумаас 15 иргэн, нийт 27 хүн, 4 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 10.15-ны өдрийн 20:20 цагт бүрэн унтрааж тус сумын иргэн Н-д хүлээлгэн өгсөн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Баяжуулах үйлдвэрийн осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багийн “Хурын ногоон нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км/-т зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд /гүн 3 м/ хүн унасан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 14:56 цагт хүрэлцэн очиж 23 минут ажиллаж, иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүлээлгэн өгсөн.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Оройн товгор” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т /Ө-48038/24//, У-95048/36/// 10.15-ны өдрийн 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 13:39 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Мэнгэбулаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 341км-т, сумын төвөөс баруун зүгт 71 км-т/, /Ө-50021/00,0//, У-98019/48,0/// 10.15-ны өдрийн 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с 15:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан 2 дугаар багийн Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top