Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлно

72554806_435560643984578_5658896287546736640_n-1.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах нь нийгмийн бүх гишүүдийн оролцоо, хамтын ажиллагаатайгаар хэрэгжих тогтвортой хөгжлийн тулгуур асуудал төдийгүй хүний эрхийг хамгаалах, хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бий болгох, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Хүн амын 50,8 хувь нь эмэгтэйчүүд эзлэх манай орны хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлснээр гамшгийн эрсдэлийг бууруулах талаар дэвшүүлсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, аливаа аюул, эрсдэлээс сэргийлэх хандлага, амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэнэ.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 төлөөлөл оролцох бөгөөд чуулган маргааш буюу 10 дугаар сарын 17-ны 09:00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжин идэвхжүүлэхэд салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн удирдан чиглүүлж амжилттай хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлага, амжилтыг хуваалцаж, туршлага судлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top