Г.Батмөнх: Амиа хорлох гэж байсан 50 гаруй хүнийг аварсан

B74F27BD-8498-415B-9C26-B88433A40655.jpeg

Г.Бат

Сүүлийн үед амиа хорлох оролдлого хийх нь нэмэгдэх хандлагатай болжээ. Судалгаагаар жилд дунджаар 400 орчим хүн амиа хорлодог гэсэн судалгаа байна. Үүний ихэнх нь эрэгтэйчүүд байдаг аж. Мөн бага насны хүүхэд цонх, тагтнаас унаж болзошгүй нөхцөл байдал өссөн байна. Энэ талаар НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын Цэргийн алба, шуурхай удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Аврах анги өнөөдрийн байдлаар нийт хичнээн дуудлага мэдээлэл авч, аврах ажиллагаа явуулаад байна вэ?

Манай анги энэ сарын 14-ний өдрийн байдлаар 244 удаагийн дуудлагаар гарч, нийт 248 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Үүнээс 64 хүүхдийн амь насыг авран хамгаалжээ. Манай ангид аюулт үзэгдэл болон техникийн холбоотой ослын дуудлага ирдэг. Зам тээврийн осол, ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос гадна зун цагт гол усанд живэх, өвөл цасанд боогдсон, автомашин нь суусан гэх зэрэгт дуудлагуудад хүрч ажиллаж байна.

Сүүлийн үед иргэдийн дунд амиа хорлох оролдлого хийх явдал нэмэгдэж байгаа гэсэн. Уг үйлдлийг таслан зогсоох үүрэг хариуцлага аврагчдад ногдож байна. Он гарснаас хойш энэ төрлийн хичнээн дуудлага мэдээлэлд хүрч ажилласан бэ?

Сүүлийн жилүүдэд нийслэлд өндөр барилга баригдаж, нягтаршил нэмэгдэж байгаатай холбоотойгоор өндөр барилга байгууламжаас унаж амиа хорлох гэж байна гэх дуудлага их ирж байна. Үүнд аврагчид өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилт хийсэн ур чадвараа ашиглан амиа хорлох гэж байгаа иргэдийн амь насыг авран хамгаалж байгаа. Давхар дунд байгаа тохиолдолд дээрээс дамжин буух, дээвэр дээр байвал сэтгэлзүйн яриаг давхар хийх зэргээр тухайн иргэнийг авран хамгаалдаг. Он гарснаас хойш амиа хорлох гэж байна гэх дуудлага мэдээлэл их ирсэн. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар энэ төрлийн 51 дуудлага ирсэн. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүс дандаа томчууд байгаа юм.

Өндрөөс унах гэж байна гэх дуудлага мэдээллийн талаар тодруулахгүй юу?

Өндрөөс аврах ажиллагааны 26 удаагийн дуудлага ирсэн. Үүнээс 9 нь хүүхэд. Хараа хяналтгүй байдлаас болж цонх болон тагтан дээрээс унах аюултай байсныг авран хамгаалсан.

-Хамгийн сүүлд энэ сарын 13-ны өдөр зургаан настай хүүхдийг өндрөөс унах аюулаас авран хамгаалсан байсан. Энэ  тухай тодруулмаар байна?

Тус өдрийн 18:25 цагт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны таван давхрын цонхон дээрээс хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага ирсэн. Манай долоон алба хаагч, хоёр техниктэйгээр шуурхай үүрэг гүйцэтгэсэн. Зургаан настай хүүхдийг аварч, эгчид нь хүлээлгэж өгсөн байгаа. Энэ мэтээр сүүлийн үед өндрөөс унах гэж байна гэсэн дуудлагууд цөөнгүй ирэх болсон. Энэ нь бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисон, гэрт нь цоожилсон зэргээр эцэг, эхийн хариуцлагатай холбоотой. Ганцаараа үлдсэн хүүхэд цонхон дээрээс үсрэх, халуун тогоо болон плитка асаах, гал асаах, утаа май тавих зэрэг олон эрсдэлтэй алхам хийдэг.

-Аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хэрхэн явуулдаг вэ?

Аврагчид аврах ажиллагаа явуулах эрсдэл, тохиолдлуудад хэрхэн ажиллах талаар өдөрт багадаа 2-3 цаг бэлтгэл сургуулилт хийдэг. Олон жил ажилласан алба хаагч нар залууст туршлагаа хуваалцдаг. Үүнээс гадна амиа хорлох гэж байгаа хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй, эсвэл сэтгэл санааны гүн хямралд орсон. Мөн архи хэрэглэсэн байх нь түгээмэл. Энэ нөхцөл байдалд тохируулж хэрхэн харилцах, ярилцах ур чадвар алба хаагчдын хувьд чухал байдаг. Ер нь биеийн дасгал сургуулилт, сэтгэлзүйн яриаг хослуулан аврах ажиллагааг явуулдаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин” 2019.10.16.

scroll to top