БИ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЖИЛТАН БОЛНО

9X1A9842-1024x682-810x500.jpg
Р.Ренчиндулам

Бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар өөрийгөө золиослон гал, ус руу ч үсэрдэг гайхалтай сайхан мэргэжил бол аврагч. Монгол Улс 2015 оноос эхлэн аврагчдыг өсвөр үеэс нь бэлтгэх болсон. Мөн жил бүр бүс, нийслэлд шилдэг өсвөрийн аврагчдыг шалгаруулж ирсэн билээ. Энэ жилийн хувьд анх удаа улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан юм. Сүхбаатарын талбайд өчигдөр /2019.10.17/  болсон тус тэмцээнд таван бүсийн 35 өсвөрийн аврагч өрсөлдсөнөөс 23 дугаар сургуулийн “Элит” баг тэргүүн байрыг эзэлсэн юм. Ингээд тэргүүн байранд шалгарсан багийнхантай цөөн хором ярилцлаа.

Өсвөрийн аврагчидын улсын аварга шалгаруулах тэмцээнд  жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

УСАНД ОСОЛДОГЧИЙГ АВРАХ ДААЛГАВАР ХАМГИЙН ХҮНД БАЙСАН

Улсын аварга өсвөрийн аврагч “Элит” багийн ахлагч Ц.Баярмагнайгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Тэмцээний бэлтгэлээ хэзээнээс эхлэн базаасан бэ?

-Манай багийнхан есдүгээр сарын 17-ноос эхлэн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдсэн. Дүүргийн аваргаар шалгараад үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсэн.

-Багийн гишүүдээ танилцуулахгүй юу. Багийн гишүүдийн хэд нь ирээдүйд аврагч мэргэжлээр ажиллах вэ?

-Нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчид 2017 оноос өсвөрийн аврагчдын тэмцээнүүдэд орж эхэлсэн. Жил бүр амжилтаа ахиулсаар энэ жил анх удаа болсон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болсондоо баяртай байна. Манай багийн дөрвөн гишүүн нь өнгөрсөн жил нийслэлийн аваргад оролцож байсан. Бидний тав нь 12 дугаар ангийн сурагч. Үлдсэн хоёрын нэг нь 11, нөгөө нь 10 дугаар ангийн сурагч. Манай багийн гишүүдийн дөрөв нь ирээдүйд “жинхэнэ” аврагч болно. Энэ тэмцээнд оролцсоноор тэдний хүсэл биелж, онцгой байдлын газарт ажиллах хаалга нээгдэж байгаа.

-Чиний хувьд?

-Миний хувьд олон улсын харилцаагаар суралцана. Өсвөрийн аврагч болох нь хатуужил суухаас эхлээд олон давуу талтай тул би өсвөрийн аврагч болсон юм.

-Тэмцээн зургаан төрлөөр явагдсан. Хамгийн хүнд төрөл нь юу байсан бэ?

-Тэмцээний хамгийн хүнд цэг нь усанд осолдогчийг аврах хэсэг байдаг. Энэ үзүүлбэр дээр маш их бэлтгэл хийсний үр дүнд даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн. Гэхдээ аврах цагирагийг усанд осолдсон хүн рүү шидэхэд онох болов уу гэж их түгшиж байлаа.

-Өсвөрийн аврагч болсны сайн тал нь, амьдралд хэрэгжүүлж болох зүйлс нь юу вэ?

Хэзээ аюул тохиохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс болзошгүй аюулын үед өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүс, ойр орчимдоо байгаа хүнийг хамгаалах чадамжтай байх нь давуу тал. Өсвөрийн аврагч болсноор энэ бүх чадамжыг эзэмшинэ. Бас гамшгийн үед ухаан алдсан хүнд ямар тусламж үзүүлэх, хүнд болон хөнгөн гэмтэлтэй хүнд ямар тусламж үзүүлбэл зохимжтой талаар мэдлэгтэй болсон. Мөн гал түймэр, усанд осолдсон, химийн бодист хордсон хүнд туслах чадвартай болсон.

БУСДАД ДАХИН АМЬДРАЛ “БЭЛЭГЛЭНЭ” ГЭДЭГ САЙХАН

“Элит” багийн гишүүн Б.Пүрэвбаатар /Зүүн талаас гурав дахь/

-Аврагч нь хатуужил, авхаалж самбаа, ур чадвар шаарддаг мэргэжил. Бас хүний амь аварна, бусдад дахин амьдрал “бэлэглэнэ” гэдэг маш сайн үйл. Тийм болохоор би ирээдүйд аврагч болохоор сэтгэл шулуудсан. Улсын аварга болсноор бидэнд Онцгой байдлын үүд хаалга ч нээгдэж байгаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЖИЛТАН БОЛНО

“Элит” багийн гишүүн Б.Тэмүүлэн

-Багийнхандаа чирэгдэхгүйн тулд эрэгтэйчүүдтэй зэрэгцэн өрсөлдөх хэцүү, бас сайхан байлаа. Онцгой байдлын ажилчдын дүрэмт хувцас, алхаа, эрхэмсэг байдал зэрэг нь надад таалагддаг. Тиймээс би онцгой байдлын газрын ажилтан болохоор шийдсэн.

Эх сурвалж: news.mn

scroll to top