Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 20, 23-нд говь, талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон Модны захад 20х8 метрийн хэмжээтэй үйлдвэрийн цонх, модны үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 15:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 4х6 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 08:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 08:51 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын эцэст Хуучин орос пионерийн зусланд 4 айлын 2,8 га газрын өнжмөл шар өвс, тарьмал бутнууд шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 12:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 22 км замыг туулан 13:13 цагт хүрэлцэн очиж 2 цаг 30 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай гарч ажилласан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт 5х6 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 00:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:44 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидын задгайд 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний шөнийн 03:51 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12,5 км замыг туулан 04:05 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны Төгөл амралтын газрын урд ууланд утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 09:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17.5 км замыг туулан 09:40 цагт очиж 3 га газар шатаж байсныг 10 цаг ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус ангийн 21 алба хаагч, 1 автомашинтай, нийт 29 алба хаагч, 3 автомашинтай ажилласан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Тайгын булаг” гэдэг газарт ууланд утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн 47 алба хаагч, 9 автомашинтай 12 км замыг туулан 14:09 цагт очиход модон дотор 365 га орчим талбай шатаж байсан тул Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 18 алба хаагч, 5 автомашинтай 14:45 цагт, нутгийн захиргааны байгууллагын 3 ажилтан, 1 мотоцикль, 1 морьтой 16:06 цагт, нийт 68 хүн, 16 машинтайгаар ажиллаж мөн өдрийн 15:50 цагт ой, хээрийн түймрийг цурманд оруулсан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Дээд тээг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, У 47008’22’06, Ө 101037’29’08/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 3 автомашин, 8 мотоциклтой ажиллаж, мөн өдрийн 16:05 цагт түймрийг цурманд оруулж 10.18-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан. 3 га талбай өртөж шатсан.

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Шар хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 56 иргэн, нийт 68 хүн, 13 автомашинтайгаар түймрийн голомтод ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top