Ц.Нямбаяр: Онцгой байдлын алба нисэх нэгжтэй болох төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлнэ

72996089_728999117526748_3098991024878387200_n.jpg

Н.Алтанцэцэг

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа.

-Онцгой байдлын ерөнхий газарт нисэх нэгж байгуулагдахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаагүй агаараас аврах ажиллагаа явуулах эрэн хайх. Мөн төрөл бүрийн цагийн байдлаас болж үүссэн гамшиг гал, түймэр, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэгт ашиглах зориулалтаар тоноглосон нисдэг тэрэг бүхий техниктэй болно. Үүнийг дагаад нислэгийн сургалт болон нисэгч, техникийн ажилтнаа бэлтгэх, сургах чиглэлийн төсөл юм. Одоогоор Онцгой байдлын ерөнхий газарт байхгүй байгаа нефтийн бүтээгдэхүүнд гарсан гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, хэт хүйтэнд гал унтраах автомашин, гал унтраах онцгой албаны авто механик шатны автомашин гэх зэрэг 42 нэгж техник нийлүүлэх төсөл хоёр жилийн хугацаанд хоёр талдаа ажиллаж, тодорхой судалгаанууд хийгдэж, хэрэгжихээр болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Сангийн сайд, Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай гарын үсэг зурсан байгаа.

-Хэдэн төгрөгийн төсөл хэрэгжих вэ?

– Энэ төсөл нийтдээ 57 орчим сая еврогийн өртгөөр Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл болон Онцгой байдлын газар нисэх нэгжтэй болох төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Төслийг хэрэгжүүлэгчид манай улсад ажиллаж, Онцгой байдлын газарт нэн шаардлагатай байгаа эдгээр техникийг ажиллуулах техникийн нөхцөл болон сургалт явуулах газар байр талбайтай ирж үзэж танилцсан. Үүний үр дүнд энэ төсөл хэрэгжихээр болсон.

-Төслийн санжүүжилтэнд ямар нэгэн хөнгөлөлт байгаа юу?

-Ерөнхийдөө төслийн санхүүжилт Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Төсөл маань 30 жилийн хугацаатай, жилийн 0.08 хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлд хамаарч байгаа. Иймээс энэ зээлийн хөрөнгөөр Онцгой байдлын ерөнхий газар тоног төхөөрөмжөө шинэчилж өндөр төвшинд хүрэх зорилт тавиад ажиллаж байна.

НИСДЭГ ТЭРЭГНИЙ ТӨСӨЛ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХЭРЭГЖИНЭ

– Төсөл хэдэн жилийн хугацаатай хэрэгжих вэ?

Төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Харин галын автомашины төсөл бидний төлөвлөснөөр жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой. Төслийн хүрээнд галын машин нийлүүлэхээс гадна орчин үеийн тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнээ сургах сургалтыг үйл ажиллагаа давхар хийгдээд явна.

-Боловсон хүчнээ бэлтгэх ажил хэрхэн хийгдэх бэ?

-Онцгой байдлын ерөнхий газрын нисэх нэгж газрын техникийн ажилтан, нисэгч нарыг төслийн хүрээнд Францын сургагч багш нар ирж бэлтгэнэ. Мөн төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ажиллах боловсон хүчний нөхөн хангалтыг хийх, шинээр хүмүүсээ сургаж дадлагажуулах ажил төслийн хүрээнд хийгдээд явна.

-Танай байгууллага нисдэг тэрэгтэй болно. Агаарын зөвшөөрөл энэ тэр гээд бөөн асуудал бий?

-Нисдэг тэрэгний нэгж байгуулагдах асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа. Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөвшөөрөл авах асуудал Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм, журмын хүрээнд хийгдээд явна. Иймээс бид боловсон хүчнээ бэлтгэх , нисэхийн олон улсад болон дотооддоо мөрддөг журам, дүрмийг хуулийн хүрээнд л ажиллана.

-Аврах ажиллагаа явуулах нисдэг тэрэгний хувьд тоноглол болон бусад зүйл ямар байх вэ?

-Нисдэг тэрэг тусгай тоногоор тоноглогдсон байна. Ямар гамшгийн нөхцөл байдал үүссэнээс хамаарч хүн тээвэрлэх үү, өвчтөн авч ирэх үү, бие бүрэлдэхүүнээ голомтод хүргэх үү, аврах ажиллагаа агаараас явуулах уу гэдэг онцлогтоо тохирсон тоноглол солиод хийж, угсарч авч явах тоноглолтой ирж байгаагаараа давуу талтай. Зөвхөн хоосон устай нисдэг тэрэг биш. Аврах ажиллагаа явуулах бүрэн боломжоор хангагдсан тоноглогдсон нисдэг тэрэг гэж ойлгож байна.

МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД БОЛОН ХЭТ ХҮЙТЭНД ТОХИРСОН ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИН НИЙЛҮҮЛНЭ

-Галын машины хувьд ямар байх вэ?

-Галын машины хувьд Франц улсад үйлдвэрлэсэн машинууд ирнэ. Энэ нь Монгол орны нөхцөлд, хэт хүйтэнд тохирсон туулах чадвар сайтай автомашин байх юм.

-Тоо хэмжээний хувьд…?

-Гал унтраах үндсэн ангид 42 машин төслийн хүрээнд нийлүүлэгдэнэ. Гал унтраах үндсэн албаны автомашин буюу авто механик шат, хэт хүйтэнд гал унтраах автомашин. Мөн Монгол Улсад байхгүй нефтийн бүтээгдэхүүнийг унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэгдэхээр болсон.

-Тэгэхээр онцгой байдлын бүх чиглэлийн техник тоног төхөөрөмж давхар шинэчлэгдэнэ гэж ойлгож болох уу?

– Тийм ээ. Бүх төрлийн агаараас аврах ажиллагаа явуулах, гамшгийн голомтод бие бүрэлдэхүүн хүргэж шуурхай арга хэмжээ авах ажиллагаанд зориулагдсан орчин үеийн техник тоног төхөөрөмжтйэ болох юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: medee.mn

scroll to top