Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, Хүйтэрч 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи  25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжинд иргэн Ж-ын 2х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 4 км зам туулан 10:49 цагт очиж 19 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 1дүгээр гудамжинд иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 1.5 км замыг туулан 17:25 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 17 дугаар гудамжинд иргэн Г-ын 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 18:48 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Загаст” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т/     хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 50 иргэн, 6 автомашин, нийт 60 хүн, 7 автомашинтай унтраахаар ажиллаж 10.22-ны өдрийн 22:56 цагт унтраан тус багийн Засаг дарга Э.Эрхэмбаатарт хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 20 дугаар байр 9 давхар орон сууцны байрны 3 дугаар давхараас хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 00:51 цагт очиход тус байрны 46 тоотод оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны 1 давхар өргөтгөлийн дээвэр дээр унаж гэмтсэн байсан тул эсэн мэнд буулгаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Увс аймгийн Сагил сумын Хар мод багийн 3 дугаар гудамжинд иргэн Д-ийн 8 ханатай гэр 10.22-ны өдрийн 11:00 цагт шатсан. Мэдээллийг тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч З.Азбилэг мөн өдрийн 11:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хогорын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км/ иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй модон байшин 10.22-ны өдрийн 08:00 цагт шатсан. Мэдээллийг тус багийн Засаг дарга Л.Шижирболд мөн өдрийн 11:32 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн 3 дугаар гудамжинд иргэн З-ын хашаанд хураалттай 50 боодол өвс, 55 тоотод иргэн Д-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин 10.22-ны өдрийн 20:20 цагт шатсан. Орон нутгийн 100 хүн, 3 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Цэрэннадмид мөн өдрийн 22:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top