Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, говийн бүс нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус,  бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1  градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 6х9 метрийн хэмжээтэй байшин, “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 06:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 06:53 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд эзэнгүй айлын хашаанд 7х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 09:59  цагт хүлээн авч Сүбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км замыг туулан 10:05 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ-толгой багт 5×11 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 11:46 цагт хүлээн авч Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:50 цагт очиж 1:30 цаг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороололд иргэн А-гийн эзэмшлийн үзмэрийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 15:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7,5 км замыг туулан 15:47 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд 5х6 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 17:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:43 цагт очиж  5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Таван цохиот гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км/-т иргэн С-ийн Мазда загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 18:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 26 км замыг туулан 19:16 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км/ үйл ажиллагаа явуулдаг “Хүннү тур” амралтын газар Баянзүрх дүүргийн харьяат иргэн О /46 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 10.24-ний өдрийн 07:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт иргэн Б /14 настай, эмэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, ЗХ-ний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.

Бусад: Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Соронз” авто угаалгын төвийн зүүн талд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 15:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 5,5 км замыг туулан 15:58 цагт очиж Ц /эрэгтэй, 56 настай/-гийн цогцосыг 3 м гүнтэй дулааны шугамын худгаас аврах олс ашиглан 20 минут ажиллан татаж гарган цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top