1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Булган, Говьсүмэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, 31-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 15:12 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 16:11 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аманд 10х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 16:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 24 км замыг туулан 17:17 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 4х6 метр, 8х6 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 19:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 19:32 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очсон.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт иргэн У-гийн эзэмшлийн Эксел загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны шөнийн 03:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 03:39 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 19:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 19:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хамтын болон гадаад улсын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 10х13 метрийн хэмжээтэй христийн сүм шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 10:46 цагт очиж 4 цаг 10 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:03 цагт гарч 22 км замыг туулан 11:25 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Сэргэлэн сумын 7 иргэн, Чойбалсан сумын 9 иргэн, нийт 28 хүн, 3 автомашинтай ажиллаж 22:43 цагт бүрэн унтрааж Сэргэлэн сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, “Ховд” их сургуулийн 8 оюутан, нийт 22 хүн, 1 завь, 4 автомашинтай 10.26-ны өдрийн 12:00 цагаас эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар хүртэл 9 км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:10 цагт түр зогсоосон. 10.27-ны өдрийн 12:00 цагаас 17:40 цаг хүртэл эрлийн ажиллагааг дахин зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажлыг түр зогсоосон.
Бусад: Булган аймгийн Сайхан сумын Хулж багийн “Талын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сум руу зорчиж явсан иргэн У-гийн эзэмшлийн Ланд 200 загварын автомашин замын хажуугийн хунгар цасанд сууж гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 10.28-ны шөнийн 02:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 03:15 цагт гарч 85 км зам туулан 04:30 цагт очиж 1 цаг 25 минут ажиллан автомашиныг татан гаргасан.