Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ийг хүртэлх хугацаанд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2434 тоот тушаалын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын газар хэлтсийн дарга, захирагч нартай видео хурал зохион байгуулж үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг явуулахдаа айл өрх бүрийн пийшин зуух, үнс нурмыг ил задгай асгаж байгаа зөрчлийг арилгуулах, цахилгаан дамжуулагч утасны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өгөхийг шалгалтаар явж буй алба хаагчдад чиглэл болгосон юм.
Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар обьектын гал түймэр 3023 удаа гарснаас ил задгай үнс нурмаа асгасан 852, пийшин зуух, яндангийн цонолтоос 478, цахилгаан дамжуулачийг стандартын дагуу хийгээгүй 574 байгаа нь нийт гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.