Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 11 дүгээр сарын 03-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 09:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 09:30 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт 10х4 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 09:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 500 м зам туулан 09:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 11 дүгээр багт тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 12:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 12:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт хашаанд хураалттай өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 12:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 12:58 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 15:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 15:24 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрХэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Оцон чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 6 иргэн, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:00 цагт түймрийг унтраасан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Авто замын шалган нэвтрүүлэх товчооны хажууд ачааны автомашин мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хачуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15.5 км зам туулан 19:38 цагт очиход Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Н /27 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Киа Гранто” загварын ачааны автомашин, иргэн Ш-ийн жолоодож явсан 3 зорчигчтой “Хино” загварын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны харьяат иргэн Ш /45 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М-ийн Б /15 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн “Бага газар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 42 км-т/ тус багийн харъяат иргэн Г /51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 10.30-ны өдрийн 23:00 цагийн орчимд гэрээсээ явган гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 3 хүн, нийт 11 хүн, 1 автомашин, 3 мориор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн иргэн гэрээсээ баруун урд зүгт 40 км-т тус багийн “Номгон” гэдэг газар малчин У-гийнд эсэн мэнд очсон тухай мэдээлэл авсан тул мөн өдрийн 15:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top