Хүйтний улиралд цасан болон шороон шуурга шуурах, зам даваа хаагдах, иргэд төөрөх, сураггүй алга болох, автомашин цасанд суух зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нөхцөл байдал хүндэрч, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирэх дуудлагын тоо эрс нэмэгддэг.
Тиймээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эд хөрөнгө, мал амьтан, байгаль экологийн аюулгүй байдлыг хамгаалах, хохирлыг багасгах арга хэмжээг оновчтой зөв, шуурхай зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар шуурхай хангах, хот хооронд болон орон нутгийн нийтийн зорчигч тээвэрлэлтийг хэвийн, саадгүй зорчих боломжийг хангах, мэдээлэл солилцох, ажлын туршлага хуваалцах, хамтран ажиллах харилцааг зохицуулах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн “АЗЗА” ТӨХК, Автотээврийн төвтэй “Хамтран ажиллах санамж бичигт” гарын үсэг зурлаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.