Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь долоон давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын гурван гарцтай. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байна.
2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутад Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлага авч, 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шат, гэрэл холбооны тасаг, гал унтраах аврах 63 дугаар ангийн тасаг, гал унтраах аврах 14 дүгээр ангийн тасгууд шуурхай ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар гал унтраах ажиллагааг удирдан гал түймэр гарсан объектын хойд талд болон баруун тал, баруун хойд талд тус бүр гал унтраах гурван хэсэг байгуулан, гал түймрийг унтраах, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын ажиллагааг зэрэг явуулсны үр дүнд худалдааны төвийн барилгын зоорийн давхрын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутад бүрэн унтраасан.
Гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 1-ээс 7 дугаар давхар болон барилгын зоорийн давхрын урд талын худалдаа үйлчилгээ явуулж буй түрээслэгч нарын лангуу, бараа материалыг гал түймрийн аюулаас авран хамгаалж гал гарах үед долоодугаар давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай хоёр эрэгтэйг утаажилтын бүсээс авран гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламж 103-ыг дуудан хүлээлгэн өгсөн.
Сандэй худалдааны төвийн зоорийн давхарт гарсан гал түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн 5 тасаг гал унтраах зориулалтын 9 автомашин, хорт хий утаанаас хамгаалах 25 ширхэг багтай, Гал унтраах аврах ангийн 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 албан хаагч ажиллаж, 15 тонн ус зарцуулж гал түймрийг бүрэн унтраасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор төвлөрдөг үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулдаг.
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн шалгалтын хүрээнд Сандэй худалдааны төвд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтуудыг батлагдсан удирдамжид заагдсан хугацаанд жил бүр явуулж, илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулахаар тус худалдааны төвийн захиргаанд Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2010 оны 3 дугаар сарын 15-нд 73 тоот албан шаардлага, 2010 оны 12 дугаар сарын 18-нд 018 тоот мэдэгдэл, 2011 оны 4 дүгээр сарын 12-нд 46 тоот албан шаардлага, 2011 оны 10 дугаар сарын 14-нд 140 тоот Заавал биелүүлэх албан шаардлага, 2011 оны 7 дугаар сарын 4-нд 83 тоот мэдэгдэл, 2012 оны 2 дугаар сарын 7-нд 10-4/27 тоот мэдэгдэл тус тус хүргүүлж, 2013 оны 3 дугаар сарын 05-нд 10.4/34 тоот мэдэгдэл, 2013 оны 03 дугаар сарын 29-нд тус худалдааны төвийн барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхарын үйл ажиллагаа зогсоох 10.4/04 тоот тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 09-нд 10.4/13 тоот тус худалдааны төвийн үйл ажиллагаа бүхэлд нь зогсоох тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/75 дугаартай танилцуулга, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.4/106 дугаартай заавал биелүүлэх албан шаардлага, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай мэдэгдлийг тус тус бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хариу мэдэгдэхийг худалдааны төвийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсний дагуу Сандэй Плаза ХХК-аас байцаагчийн өгсөн албан шаардлага, мэдэгдлийн дагуу зөрчил дутагдлыг арилгуулж ажилласан талаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12/007 дугаартай хариу албан бичиг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13/084 дугаартай хариу албан бичиг, мөн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13/90 дугаартай хариу албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай хариу албан бичгийг тус тус нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст албан бичгээр хариу ирүүлсэн байна.