Төслийн үр дүнгийн хурал зохион байгуулагдаж байна

DSC1558.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгийн хурлыг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар оролцож, үг хэлсэн юм.

Хурлын үеэр төслийг хэрэгжүүлсэн ажлын хэсгийн гишүүд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Төслийг хэрэгжүүлэхэд байгууллага, хоорондын уялдаа, холбоог сайжруулах, төслийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах үүднээс Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас бүрдсэн Хамтарсан зохицуулах хороо, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах 3 үндсэн хэсгийн 10 дэд ажлын хэсгийг байгуулж, Японы талаас 18 мэргэжилтэн, Монголын талаас 6 байгууллагын 47 ажилтан, албан хаагч хамтран ажилласан юм.

Эдгээр ажлын хэсгээс гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам  боловсруулж, 11 байгууллагатай санамж бичгийг байгуулсан байна.

Мөн Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтат тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг монгол-англи хэл дээр гаргаж олны хүртээл болгосон юм.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, гамшгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ.

            Барилга болон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэрлэлийн үнэлэх, барилгыг хүчитгэх аргачлал, дүрмийг боловсруулж батлуулан, өрөгт болон цутгамал төмөр бетон, угсармал барилгыг хүчитгэлийн зураг төсөл боловсруулсан юм.

            Хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах боловсрол олгох зорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулан сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт оруулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж эхлээд байна.

            Мөн олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролыг дээшлүүлэх “Бэлэн бай” сургалтын багц, “Хэн, хэзээ ч, хаана, бэлэн” буухай тэмцээний гарын авлагыг боловсруулж, олны хүртээл болголоо. Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны багийг байгуулж, гамшгаас хамгаалах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан байна.

             Түүнчлэн төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бол Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг суурилуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top