Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Алтайн уулархаг нутгаар, 9-нд зарим газраар, 10, 11-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 09:55 цагт очиж, иргэн Д-гийн 4х6 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн “Кантер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 14:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 15:08 цагт очиж, тус автомашины хойд талын 2 дугуй шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 21:10 цагт очиж, иргэн У-гийн 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ч /55 настай, эмэгтэй/ угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 21:47 цагт очиж, иргэн Л-ийн эзэмшлийн “Тоска” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саруул” хотхоны байрны цахилгаан шат гацаж, дотор нь хүн түгжигдсэн тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 02:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 02:50 цагт очиж, тус байрны 6 дугаар давхарт цахилгаан шат гацсан байсныг тэлэгч багаж ашиглан онгойлгож, дотор нь иргэн Г /49 настай, эрэгтэй/, Ц /49 настай, эрэгтэй/, Н /46 настай, эмэгтэй/, З /44 настай, эрэгтэй/, Н /19 настай, эрэгтэй/ нар байсныг 6 минут ажиллаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top