Төслийн хүрээнд газар хөдлөлтийн танхимыг бүрэн шинэчилсэн байна

DSC0364-6pxtt773he53rfb614q24zk46laveinoodrfroni5hc.jpg

Б.УЯНГА

ОБЕГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөл- тийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүү- лэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүллээ. Төслийн үр дүнд гамшгийн орон зайн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, барилга болон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний үнэл- гээ, аргачлал, дүрэм боловсруулж, хүүхэд, залуучуудад гамшгаас хамгаалах боловсрол олгох сургалтын хөтөлбөр (2019-2020 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлсэн) гаргажээ. Уг төслийн хүрээнд барилга, байгууламж газар хөдлөхөд тэсэх, эсэхийг хэмжих таван нэр, төрлийн таван багц багаж, чичирхийллийг биеэр мэдрэх төхөөрөмж (нийт 1.5 тэр- бум төгрөгийн өртөгтэй)-ийг Монгол Улсад нийлүүлсэн байна. Мөн 160 гаруй сургагч бэлтгэн, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт гамшгаас хамгаалах сургалт явуулах болжээ.

  Төслийн үр дүн танилцуулах хурлын үеэр ЖАЙКА-ийн мэргэжилтний багийн ахлагч К.Овада “Хуучны барилга бүр газар хөдлөхөд нурна гэж ойлгож болохгүй. Барилгыг зассан эсэх, орон сууцын нэгдүгээр давхрын ханыг нурааж хаалга гаргасан зэрэг олон зүйл нөлөөлнө. Монголд тоосгон барилга олон байна. Эдгээрийг судлахад тоосго нь физик элэгдэл, эвдрэлд орчихсон байна. Монгол Улсад мөрдөж буй барилгын стандарт муу биш. Яг стандарт, дүрмийн дагуу барилгын зураг төслөө гаргаж, түүний дагуу угсрах нь чухал. Туршлагагүй барилгачид, хяналтгүй байдал зэргээс болж, чанаргүй барилга олширсон гэж ажигласан. Тиймээс стандартын дагуу зураг төсөл, барилга угсралтын ажил явуулж байгаа, эсэхийг сайн хянах хэрэгтэй” хэмээн ярилаа.

 Гамшгаас хамгаалах сургалтын төвийн газар хөдлөлтийн танхимыг төслийн хүрээнд бүрэн шинэчилсэн байна. Ингэснээр иргэд гамшгаас хамгаалах сургалтад хамрагдахаас гадна онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулах боломж бүрджээ. Энэ талаар Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч Б.Ням-Осор “Монголчууд газар хөдлөлт зөвхөн Япон зэрэг далайн орчмын улсад нүүрлэдэг гамшиг гэж ойлгодог. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлт тулгамдсан асуудлын нэг болсон. Арван жилийн өмнө жилд 150  орчим  тохиолддог байсан газар хөдлөлт өнгөрсөн оны байддаар 2000 гаруй болж, 20 дахин нэмэгдсэн. Энэ өсөлт бидэнд анхааруулга өгч байна. Газар хөдлөх үед иргэд нь мэддэг, мэдээлэл дутмагаас маш их хохирол амсах эрсдэлтэй. Манай улсад зургаан баллаар газар хөдлөхөд нийт барилга, байгууламжийн 40-60 хувь нь нурж, тоосгон орон сууцад амьдарч буй иргэдийн 82.3 хувь нь амиа алдах эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан. Цаашлаад бохир, цэвэр усны шугам задрах, цахилгаан тасрах зэрэг аюул үүсдэг. Тиймээс газар хөдөлсөн тохиолдолд дуут дохио сонсож, аюулаас өөрийгөө хамгаалахад иргэн бүр суралцах хэрэгтэй. Манай төв ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд сургалт явуулж байна. Сүүлийн үед зарим аж ахуйн нэгж, байгууллагынхан ажилчдаа сургалтад хамруулах болсон. Иргэд олноороо нэгдэж хүсэлтээ гаргавал бид гамшгаас хамгаалах сургалт явуулахад бэлэн” хэмээн ярилаа.

Газар хөдлөх үед хамгийн анх үүсэх эрсдэл нь барилга нурах гэж хүмүүс ойлгодог.Гэтэл газар хөдлөх үед хүмүүсийн 60-70 хувь нь тавилгад дарагдаж амиа алддаг байна. Манай улсын тоосгон, угсармал, том цонхтой, доод давхартаа үйлчилгээний төвүүдтэй барилга нь газар хөдлөлтийн үед нурах аюултай аж. Өндөр хөгжилтэй орнуудад жижиг тавилга сонгох, ханандаа бэхлэх, гэрийн аюулгүй цэгээ тогтоох зэргээр аюулаас урьдчилан сэргийлдэг байна.        

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2019.11.08 №221

scroll to top