Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 14-ны шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 12-нд 18-20 м/с, Алтайн салбар уулс, говийн бүсийн нутгаар зарим үед 24 м/с, 13-15-нд 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанХэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт иргэн О-гийн эзэмшлийн “Аванти-Эксди” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг  туулан 11:01 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд иргэн М-ийн 5 ханатай гэр, “Аксент” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 11:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 11:51 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрны гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:49 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын “Богинын-Ам”-ын Задгайд эзэнгүй 6х8 метрийн хэмжээтэй зуны байшингийн довжоо, 0,2 га талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 16:21 цагт очиж, 10 минут ажиллан унтрааж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багт 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 18:23 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 20х3 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг, дээврийн хөндий шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 19:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 8 км замыг туулан 19:11 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 10х10 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 21:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 0,5 км замыг туулан 21:15 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын “Е Март” худалдааны төвийн хажууд автозамын зорчих хэсэгт иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 01:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 01:55 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээврийн дээд сургуулийн хажууд 20х8 метрийн хэмжээтэй “Кофе шоп”-ийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 02:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5,5 км замыг туулан 02:52 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян багийн “Тариа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус сумын 11 иргэн, Баянтүмэн сумын 6 иргэн, нийт 17 иргэн, 6 техник хэрэгсэлтэй 25 минут ажиллаж, мөн өдрийн 17:03 цагт хээрийн түймрийг бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top