Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орж, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 14-ны шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 11,12-нд 18-20 м/с, Алтайн салбар уулс, говийн бүсийн нутгаар зарим үед 24 метр, 13, 14-нд 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 15:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:28 цагт очиж, иргэн З-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшин, 6х4 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн “Тасгийн задгай” гэдэг газар иргэн Э-гийн эзэмшлийн гахайн аж ахуйн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 01:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 32.5 км замыг туулан 02:17 цагт очиж, 6×18 метрийн хэмжээтэй гахайн байр бүрэн шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт иргэн Б-гийн эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 05:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 05:30 цагт очиж, 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осолБулган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Оросын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 41 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 64 км-т/ Булган аймгаас Орхон аймгийн чиглэлд иргэн У-гийн /38 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ жолоодож явсан “Аксент” загварын суудлын машин онхолдож, хамт явсан 1 зорчигч автомашины төмөр хийцэд дарагдаж нас барсан, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 11.09-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, 1 автомашинтай 41 км замыг туулан 16:01 цагт очиж, автомашины хөдөлгүүр хэсэгт дарагдсан байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат У /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг 10 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Бор-Овооны давст” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын 46 зорчигчтой /43 том хүн, 3 хүүхэд/ автобус, /Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай  мөргөлдсөн тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн 3 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 автомашинтай 45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирч байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд барилгын 12 давхрын тагт дээрээс хүн унаж нас барсан, өргөтгөсөн барилгын дээвэр дээрээс цогцсыг буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 11.09-ний өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 08:36 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэрийнхээ тагтнаас үсэрч, 3 давхар барилгын өргөтгөл дээвэр дээр унаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Ахуйн хүрээний: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд бага насны хүүхэд угаалгын машины хатаагч дотор гацсан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 15:59 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 16:10 цагт очиж, Н /3 настай, эрэгтэй/ угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй байсныг гаргаж, ээж Б-д хүлээлгэн өгсөн.

Усны осол /цогцос гаргах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны хойд талд “Туул” голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 13:26 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 13:35 цагт очиж, нэр, нас, харьяалал тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг 10 минут ажиллан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top