“Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй боллоо

GJ1A3368.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад  сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй болж,  өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон алба хаагчид оролцсон юм.

Хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага 2017 оноос Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулсан. Үүнтэй холбогдуулан харьяа анги, байгууллага, салбарууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдах төвүүдийг байгуулан ажиллаж байна. Үндэсний аврах бригадын алба хаагчид гамшгийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг. Энэ удирдлагыг холбоо, мэдээлэлгүйгээр төсөөлөх аргагүй. Цаг үеэ олсон, техникийн содон шийдлээр “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй болж байгаад баяртай байна. Та бүхэнд ажил, хөдөлмөрийн амжилт хүсье” гэлээ.

 Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг  алба хаагчдын санаачлагаар өрнүүлж, сүүлийн үеийн техник, технологиор тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо.

Үндэсний аврах бригад нь Монгол Улсад ихэвчлэн тохиолддог ой, хээрийн гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ус, уулын болон цацраг, химийн хорт бодисын ослын хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад дэмжлэг үзүүлж, байнгын үүрэг гүйцэтгэн ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top