Алба хаагчид “Цэнхэр дөл” галын спортын тэмцээнд амжилттай оролцлоо

73264420_423971654959414_8597596633267437568_n.jpg

  БНХАУ-ын Ханжоу хотноо анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын эрэн хайх, аврах багийн “Цэнхэр дөл” галын спортын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид  амжилттай оролцоод ирлээ.

  Энэ сарын 05-11-ний өдрүүд зохион байгуулагдсан тус тэмцээнд  НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 10 алба хаагч оролцсон юм. Тэмцээнд 15 орны 200 орчим алба хаагчид оролцож, 9 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

 Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмж үүрч 5000 метрийн зайн гүйлт, саадтай 100 метрийн гүйлт, 8 метрийн гүнд багаар шумбалт хийж автомашинаас нэрвэгдэгч гаргах багийн шумбалт,  завь жолоодож арал дээр үлдсэн 2 нэрвэгдэгчийг татан гаргах, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах гэсэн төрлүүдэд амжилттай оролцсон юм.

 Мөн тэмцээний үеэр  зохион байгуулагдсан 15 орны  алба хаагчидтай туршлага солилцох хамтарсан үзүүлэх сургуулийн нурангиас аврах ажиллагааны багт ажиллаж, хаалтын ажиллагааны нэгдсэн үзүүлэх тоглолтод амжилттай оролцлоо.

 Түүнчлэн алба хаагчид Ханжоу хотын Шаошио дүүргийн Аврах, гал унтраах ангийн үйл ажиллагаа болон аврах багаж хэрэгсэл автомашин техник хэрэгсэлтэй танилцаж, туршлага судалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top