ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн алба хаагчдыг дадлагажуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Уулархаг бүсэд холбоо зохион байгуулах” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн болон Уул уурхайн аврах ангийн 18 алба хаагч хамрагдсан юм.
Сургалтад хамрагдсан алба хаагчдыг 3 бүлэгт хуваан үүргэвчийн богино долгионы станцууд хооронд чигийн ба торын аргаар харилцах, саадтай газар оронд хэт богино долгионы үүргэвчийн радио станц, гар станц ашиглан холын алслалтыг шалгах, долгионы тархах хүрээг тодорхойлох зэрэг дадлага сургуулийг явууллаа.
Мөн байршил тогтоогч GPS дээр өгөгдсөн солбилцлын дагуу явах, луужин ашиглан зүг чиг олох даалгавруудыг аврагч-холбоочин бүр 2-4 км-т гүйцэтгэсэн юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.