Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар  14-16 м/с хүрч ширүүснэ.  Хүйтний эрч суларч Дархадын хотгороор 14-19 градус, Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 9-14 градус,  Монгол-Алтайн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар,18-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Үйлдвэрийн районд оффиссын төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 00:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 01:07 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 13х17 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 12:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 12:21 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 7х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 30.5 км замыг туулан 19:40 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дунд сайхан багт 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 00:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 00:18 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багт тагтан дээрх эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 16:47 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Г /48 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянговь сумын “Шилийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 43 км-т, Ө-44058I12II, У-99057I36II/ 11.13-ны өдрийн 07:56 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, тус сумын 10 иргэн, ар гэрийн 14 иргэн, нийт 32 хүн, 1 нохой, 4 автомашин, 6 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Хагийн нуур” гэдэг газраас баруун зүгт “Цав”, “Таван модот” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар, 2 дугаар бүлэг “Хагийн нуур” гэдэг газраас баруун урд зүгт “Хадат булган”, “Хавцал”, “Залаат Сэрвэн” гэдэг газар хүртэл 40 км-т автомашинаар, 3 дугаар бүлэг “Хагийн нуур” гэдэг газраас урд зүгт “Шар булган”-ы ой хүртэл 5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 11.14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top