Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг үүрэг болгов

7E068BCA-3EF9-4348-9986-96F1266A54DD.jpeg

Алслагдсан сумдын иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 114  дүгээр тогтоолоор Ховд аймгийн Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Зэрэг сум нь 3000 гаруй хүн амтай, 5 багтай, 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги нь Дарви, Мөст, Чандмань, Манхан зэрэг сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Харин Манхан сум нь 4250 гаруй мянган хүн амтай, 6 багтай. Тус бүлэг нь Мөст, Дарви, Чандмань, Зэрэг сумдад хүрч ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчидтай уулзан, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах, шийдвэрлүүлэх асуудлуудын талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоол, ОБЕГ-ын даргын 2018 оны А/73 тоот тушаалаар байгуулж байсан  Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн байрыг сум, орон нутгаас шийдвэрлэн, хуучин сумын ахуйн үйлчилгээ ажиллаж байсан барилгыг тус ангид шилжүүлэн өгсөн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, өөрсдийн ажиллаж, амьдрах  орчин, нөхцлөө сайжруулахад идэвхи, санаачлагатай ажиллаж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажлын байрны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг ангийн удирдлага, алба хаагчдад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top