Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Орхон, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудийн нутгаар цас орж, Увс аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.  Оройдоо хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн уурын зуухны байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 2.5 км замыг туулан 13:17 цагт очиж, хичээлийн байрыг халаадаг байсан хуучин уурын зуухны байранд /ашиглагдахаа байсан/ эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 11:23 цагт очиж, иргэн Ш-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 16:10 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 51 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 16:33 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн С-ын эзэмшлийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 18:21 цагт очиж, иргэн П-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 4 дүгээр гудамжинд худаг шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 05:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 05:15 цагт очиж, иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй гүний худгийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Увс аймгийн Тариалан сумын Толь багийн нутаг “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т/ Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд “Лексус 470” загварын суудлын автомашинтай зорчиж явсан иргэн О /41 настай, эрэгтэй/, иргэн Б /30 настай, эрэгтэй/ нар цасан шуурганд төөрсөн тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч 1 автомашинтай 03:55 цагт хөдөлгөөн үйлдэж, 07:40 цагт тухайн 2 иргэнийг эсэн мэнд олсон.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч,  1 эрэлч нохой, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, ар гэрийн 20 хүн, 2 автомашин, 4 мотоцикл, нийт 38 хүн, 1 эрэлч нохой, 9 автомашинтайгаар 11.15-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, тус сумтай хил залгаа Булган аймгийн Баян-Агт сумын “Төгөл”, “Зулайн мод”, “Ногоон балар”, мөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Хонгоржийн тал” гэдэг газруудаар нийт 50 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 11.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.  11.16-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн очиж ажиллана.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Гэгээ” хотхонд дулааны шугам дотор цогцос байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 13:40 цагт очиж, нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг аврах олс ашиглан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж байна./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top