Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурсан.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч 19-21 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар  цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с  хүрч ширүүснэ. 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 Төрийн өмчид гарсан: Булган аймгийн Бугат сумын Найрамдал баг, сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, Орхон аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ холбооны салбарын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 33 иргэн, 2 автомашин, нийт 49 хүн, 4 автомашинтай 3 цаг 15 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Ай Ди Си проперт” ХХК-ийн баригдаж буй 7 давхар орон сууцны барилгын 7 дугаар давхарт дулаалгын хучлаг шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:55 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-ийн харьяа “Завхан” сургуулийн уурын зуухны 5х3 м хэмжээтэй галчийн амрах байрны тааз шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.3 км замыг туулан 05:29 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Д-ийн эзэмшлийн төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 16:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд иргэн Д-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 01:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч,  1 эрэлч нохой, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, ар гэрийн 20 хүн, 2 автомашин, 4 мотоцикл, нийт 38 хүн, 1 эрэлч нохой, 9 автомашинтай 11.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж,  09:50 цагт иргэн С-ын цогцсыг гэрээс баруун хойд зүгт 3,5 км-т  “Хоёр модны гарам” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сум Далай багийн “Улаан толгой” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ тус аймгийн Сайнцагаан сумын Улаантолгой гэдэг газраас Сайнцагаан сумын чиглэлд тус сумын харьяат иргэн Ө /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 18:00 цагийн орчим “Хьюндай Соната 5” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 2 ажилтан, 1 автомашин, нийт 5 хүн, 1 автомашинтай “Ишгэний хоолой”, “Ягаан тээг”, “Улаан толгой”, “Булангаа” гэдэг газраар 80 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 11.17-ны өдрийн 02:50 цагт түр зогсоосон. 11.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “79-ийн тохой” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ Д /9 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 18:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, тус сумын ЗДТГ-ын 14 ажилтан, 3 автомашин, ар гэрийн 8 иргэн, 1 автомашинтай, 2 мотоцикл, нийт 28 иргэн, 5 автомашинтай, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.17-ны өдрийн 01:44 цагт тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Царамын хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн Баянбуурал гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 13:40 цагт хоньтойгоо уруудан сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Дөмбөн уулын хойд хэсгээр 6 км-т явганаар, автомашинтайгаар 53 км-т зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 17:15 цагт иргэн Л гэртээ эсэн мэнд ирсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров, Өмнөдэлгэр сумын Тахилгат, Эхэн бүрд, Хэнтий багийн “Зүүн мөндөл”, “Норовын-Энгэр”, “Залаа” гэдэг газарт иргэн Ц /65 настай, эмэгтэй/, Д /26 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, Б, И, Н нар 11.16-ны өдрийн 17:00 цагийн орчим малдаа явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 11.16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 13 алба хаагч, 3 автомашин, сумдын ЗДТГ-ын 18 ажилтан, 5 автомашин, нийт 31 хүн, 8 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.17-ны өдрийн 05:15 цагт иргэн Ц-г гэрээс урд зүгт 1 км-т, мөн өдрийн 06:30 цагт Хэнтий багаас зүүн тийш 15 км-т “Хар чулууны-Үзүүр” гэдэг газраас иргэн Б, Ж, И, Н нарыг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цасанд суусан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Цахир” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25м-т/ “Цагаан худаг”-аас баруун урд зүгт 200 метрт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд иргэн У-ийн жолоодож явсан “Лексүс 470” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 19:35 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн У/64 настай, эрэгтэй/, Г /53 настай, эрэгтэй/, Т /65 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд Сайхан сумд авчирсан. Автомашиныг гаргах боломжгүй байсан.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гурванхайрхан багийн Согоотын давааны “Жарантайн гол” гэдэг газар /Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т/ Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд Б-ын жолоодож явсан “Соната-6” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлыйн газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 120 км замыг туулан Орхон аймгийн харьяат иргэн Д /78 настай, эрэгтэй/, Я /45 настай, эрэгтэй/, Б /47 настай, эрэгтэй/ нарыг тус аймгийн Тосонцэнгэл сумд авчирсан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Орхон голын “Өргөн гарам” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ иргэн А-ийн жолоодож явсан “Бонго Жи 2“ загварын бага оврын ачааны автомашин /2 зорчигчтой/ Орхон голын мөс цөмөрч суусан дуудлагыг 11.16-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 01 цаг 40 минут ажиллаж, автомашиныг голоос татан гаргаж, иргэн А, П /32 настай, эрэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нарыг Хархорин сумын төвд авчирсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Аргалын гарам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т/ Тус аймгийн харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Тоёота Клугер” загварын суудлын автомашин /7 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 03:15 цагт очиж, 2 цаг ажиллаж автомашиныг татан гаргаж, 8 иргэнийг тус аймгийн Хонгор суманд эсэн мэнд авчирсан.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Тарианы богд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 23 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 203 км-т/ Өвөрхангай аймгаас Ховд аймгийн чиглэлд иргэн Т-ын жолоодож явсан “Тоёота Пробокс” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 23 км замыг туулан 05:25 цагт очиж, 12 минут ажиллаж, автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top